2011-04-14 - Ulaan looli
1. Хөрс талбайг бордох
Шимт бордоо, сайн ялзарсан бууц болон шувууны сангас, ясны үнс, өндөгний хальсыг нунтаглаж хөрсөө бордоно. Ингэхдээ нэгээс хоёр см зузаантайгаар нэг метр. кв талбайд хоёр кг бууц цацаж бордоод 25 см гүн хагалж боловруулалт хийнэ. Хөрсний хувьд дан хар шороо биш элс холих. нь оайн, хөрсийг сийрэгжүүлж өгнө.
Дөрөвдүгээр сарын эхээр улаан лоолийн үрийг модон эсвэл хуванцар сав, жижиг гялгар уутанд ч суулгаж болно. Үрийг +20+30 градусын бүлээн усанд 30-40 минут байлгасны дараа уснаас гаргаж, шүүж, нойтон буюу сийрэг даавуунд боож +20+30 градусын дулаан газар 2-3 хоног байлгаж хөөж соёолсоны дараа шороонд үрээ суулгаж соёолуулна. Үрслүүрийг суулгасан өдөртөө багтаан ханатал услаад хэд хоногийн дараа хөрсийг сийрэгжүүлж. цааш өдөр тутам хөрсний зөвхөн өнгөн хэсгийг дэвтээх байдлаар чийглэж 7—8 хоногийн дараа хоёр дахъ удаагаа сайн үслана. Нойтон шороонд үрээ 1.5-2 см гүнд суулгана. Тарьсанаас хойш 3-4 хоногт анхны навч цухуйна. Энэ хугацаанд байрны дулааныг өдөртөө 20+25 градус шөнөдөө +18 градус байлгана. Энэ үед нь зөөлөн шүршиж услах нь тохиромжтой. Усалгааны дараа 2-3 хоноод хөрсний өрөмтсөн өнгөн хэсгийг самнаж сийрүүлнэ. Хөрсний бүтцийн хувьд тавин хувь нь шигшсэн хар шороо, гучин хувь нь хонины бууц, адууны хомоол, хорин хувь нь үр тарианы лайн орсон холимог хөрс бэлтгээд үрээ нэг ижил гүнд суулгах хэрэгтэй. Үрслэгийн ургалтын явцад хамгийн түрүүнд хөрс сийрэг, гэрэл болон дулаан хангалттай сайн эсэх, усны дутагдалд орсон эсэхийг шалгаж өрөмтөхөөс сэргийлэх шаардлагатай.
3. Үрслэг суулгах
Үрслүүр суулгац 15-25 см ургаж салаа мөчрүүдэд цэцгийн бундуу сууж цэцэглэх үед буюу 5-6 ширхэг жинхэнэ навчтай болоход үрсэлгээгээ савнаас нь гаргаж, урьдаар хонхойлгон нүхэлсэн газарт эсвэл хүлэмжинд шилжүүлж суулгана. Иш, үндсийг хугалж гэмтээхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тариалах явцад хамгийн чухал ажлын нэг бол гол ишээ зөөлөн уяагаар ороож, дээш нь татаж уях. Ийм сойлтыг хийхдээ хоёр метрийн урттай прусс модыг 70 см зайтай зоож бэхлээд хооронд нь хорин см үечилсэн бүслүүр маягаар ороон нарийн утаснууд бэхэлж өгөх хэрэгтэй.Суулгац шилжүүлсэний дараа усалгаа сайн хийх хэрэгтэй ба 2-3 хоногт нэг удаа өрөмтсөн хөрсийг 3-4 см хэртэй гүн сийрүүлж өгөх хэрэгтэй.Та нарт сойлт хийж уяхад хэрэг болох болов уу гээд 2 зураг орууллаа.
4. Арчилгаа
Улаан лоолийг ургуулах явцад хамгийн гол арчилгаа нь олон салаалсан суганы навчийг түүх, мөн оройн нахиаг хоёр метр, ишний тоог 18 – 20 болоход тасдаж авч байх явдал. Суганы навчийг үрслэг суулгаснаас хойш арав хоногийн дараанаас авч эхэлнэ. Харин салаа ишнүүдээс ургасан суганы навчийг жимс өгч эхэлснээс хойш авах хэрэгтэй. Гол иш ба хажуугийн салаа мөчрийн хооронд ургасан илүү салаа нахиаг таслана. Тайралтыг өглөө эрт хийх нь хялбар байдаг. 15 хоног хүртэл идэвхитэй ургадаг навчийг авахдаа багажаар бус зөвхөн гараар тасдаж аваарай.
Лоолийн ургалтын хугацаанд 2-3 удаа хонь адууны баас, фосфор, кали, азотын холимог шингэн уусмалаар бордоход ургац сайжрана.
5. Усалгаа
Улаан лооль цэцэглэж жимслэж буй үедээ ус нэлээд сайн шаарддаг тул усаар сойхгүй эсвэл хэтрүүлэхгүй маш нарийн хуваарьтай усалгааг хийх ба цаг уурын дулаан хөрсний чийг зэргийг харгалзан услана.
Усалгааг гар аргаар хийж болдог. Намрын хучилга эсвэл гялгар уутан доогуур нарийн услалтын шланк дэвсэж усалгаа хийнэ. Долоо хоногт нэгээс хоёр удаа усалж байх шаардлагатай. Хэт их усалж болохгүй. Хамгийн гол нь агаар дулааныг зохистой түвшинд барьж байх хэрэгтэй. Хэт халуун бол навч хатаж үхдэг бол хүйтэнд ургалт нь уудааширдаг. Улаан лооль нь бусад ногоог бодвол арчилгаа их шаардсан ургамал юм.
6. Улаан лоолийн цэцгийн тоос хүртээх Лоолийн эр эм цэцэг нэг дор /оройд/ байрлах учир ид цэцэглэж эхлэх үед зохиомлоор тоос хүртээж болно. Үүнд: цэцэгтэй мөчрүүдийг ямар нэг алчуур, даавуу, өвсөн шүүр мэтээр зөөлхөн хөөж дэлсэхэд тоос нь хийсэж тархаж биендээ хүртээнэ.
7. Хортон шавьжнаас хамгаалах
Улаан лооль нь амархан хорхойтдог. Иймд хортон шавьжнаас хамгаалахын тулд шавьжийг устгах үйлчлэлтэй уусмал бэлтгэх хэрэгтэй. Үүнд: 200 грамм сармисны хумсыг жижиглэн хэрчээд арван литр усанд хийж 5 – 6 минут хэртэй байлгасны дараа тэр даруйдаа шүршиж хэрэглээрэй. Үүнийг хоёр долоо хоногт хоёр удаа, нийтдээ дөрвөн удаа давтан хийнэ.
Мөн улаан лоолийн навчны шороог цэвэрлээд жижиглэж хэрчин 40 – 50 граммыг арван литр усанд хийж 30 – 40 минут хэртэй зөөлөн гал дээр тавьж идээшүүл. Ийм аргаар бэлтгэсэн улаан лоолийн уусмал, тамхины уусмалаар цагаан эрвээхэй, бүхэг, хивж шүлст, хачиг зэрэг шавьжийг устгаж болно.
Түрүүчийн улайсан жимсийг түүвэрлэн хураахаас гадна хальс нь зөөлөрч шаргал ягаан алагласан өнгө суусан лоолийг хурааж модон ба цаасан хайрцаг саванд савлаж +22+25 дулаан байранд хадгалахад түргэн улайна. Хэрэв ногооноор нь хураах шаардлага гарвал шилэн дарлага, хүлэмж болон модон хайрцагны ёроолд хуурай өвс, сүрэл, эсгий, дэрс мэтийн аль нэгийг дэвсэж дээр нь хоёр давхар үелүүлэн ногоон лоолиудаа хийж сайн дулаалбал улайна. Хэрэв улаан лоолийг хурдан томруулахыг хүсвэл цэцгийг цөөлж таналт хийвэл үлдсэн лооль хурдан томроно.Улаан лооль тарьснаас хойш 70—90 хоногийн дараа үр жимсээ өгдөг. Манайх нэг ишнээс дунджаар хориод1 ширхэц буюу 2—3 кг ургац авдаг. Нэг иш гурван удаа л ургац өгдөг. Түүнээс олон удаа ургац өгч чаддаггүй учир бут ишийг шинзчлэх хэрэгтэй.
За тэгээд ургацаа хураагаад дууссан бол залуусаа одоо идэх л үлдлээ дээ. Та бүхний тарьсан болгон соёолон ургаж, үр жимсээн өгч тарьсан эзнээ баяруулж байх болтугай.Амжилт хүсье.